Оюутны клубууд
"PRO-MECH" КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Механик, тээврийн сургуулийн "PRO-MECH" клуб нь техникийн загвар зохион бүтээх дур сонирхолтой оюутан залуусыг эгнээндээ нэгтгэн, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Клубын гишүүд ROBOCON, MICROMOUSE, ROBOT SUMO зэрэг улс, бүс нутаг, олон улсын шинж чанартай томоохон уралдаануудад тогтмол амжилттай оролцсоор байна.
ROBOCON
Ази-Номхон далайн орнуудын үндэсний нэвтрүүлгийн төвөөс 2002 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг ROBOCON тэмцээнд манай сургуулийн оюутан залуусын багууд 2003 оноос эхлэн тогтмол оролцож улс, олон улсын түвшний амжилтуудыг гаргасаар байна. 2011 оноос эхлэн ШУТИС-ийн хэмжээнд Робокон тэмцээнд оролцох салбар сургуулиудын багуудын дунд сорил тэмцээн зохион байгуулж, тэргүүний багуудыг ивээн тэтгэдэг болсон нь манай багуудын амжилт илүү нэмэгдэхэд түлхэц болж байгаа билээ.
Манай оюутан залуусын Робокон болон Автомат роботын тэмцээнд үзүүлсэн амжилтуудаас дурдвал:
2004, 2005, 2015, 2016 онуудад Робокон тэмцээний үндэсний ялагчаар тодорч Ази-Номхон далайн орнуудын бүсийн олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцсоноос 2004 онд 2-р байр эзэлж өндөр амжилт гаргасан. 2010 - 2014 онуудад манай оюунуудаас бүрдсэн багууд үндэсний аварга шаларуулах тэмцээнд 1-3-р байр тогтмол эзэлж бүтээлүүд нь "Шилдэг шийдэлтэй робот", "Шилдэг гар удирдлагатай робот", "Шилдэг дезайнтай робот"-оор тус тус шалгарсан.
Түүнчлэн улсын аварга шалгаруулах Автомат роботын тэмцээнд манай оюутнуудын бүтээлүүд 2012 онд I байр, 2013 онд шулуун замын төрөлд I байр, бартаат замын төрөлд I ба II байр эзлэн найдварт ажиллагаатай багаар шалгарсан бол 2014 оны тэмцээнд шулуун болон бартаат зам, автомат болон гар удирдлагатай бүх төрөлд манай багууд шалгарч тэргүүн байруудыг эзэлсэн байна.
НИСЭХ ЗАГВАРЫН GIANT КЛУБ
Тус сургуулийн дэргэдэх "GIANT" клуб нь Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн гишүүн, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явулж байгаа томоохон клубуудын нэг юм. Нисэх загварын спорт нь хүнийг бие бялдар, оюун санааны хувьд хөгжүүлээд зогсохгүй техникийн гоо зүйн торгон мэдрэмжтэй, техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, ур чадвартай, ажилсаг нэгэн болгоын зэрэгцээ мэргэжлийн баримжаа олгодгоороо бусад спортоос онцлогтой.
Клубын гишүүд нь нисэх загварын төрлүүдээр хот, улсын аваргаар тогтмол шалгардаг бөгөөд 2011 - 2016 онуудад Монгол улсын пуужин загварын аваргаар тасралтгүй шалгараад байна.
CAN SAT
Тус клубын тамирчид Олон Улсын хэмжээнд зохион байгуулагддаг CAN SAT тэмцээнд тогтмол оролцдог. CAN SAT нь бага оврын хиймэл дагуул бөгөөд даралт, температур, салхины хурд, байршил тодорхойлогч GPS, камер, тэжээл зэрэг төхөөрөмжүүд нь 350 мильлитрийн ундааны лаазанд багтаж хийгдэх шаардлагатай. Хиймэл дагуулыг агаарын бөмбөлөг эсвэл пуужин ашиглаж хөөргөх ба тодорхой өндөрт хүрээд дагуул шүхрээ задалж аажим бууж ирэх буюу энэ явцдаа мэдээлэл цуглуулж газрын станц руу шууд дамжуулахын зэрэгцээ өөрийн шуурхай санах ойдоо давхар хадгалдаг.
Манай багийнхан 2012 онд Европын аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнээс "Алтан цом"-ын эзэн, Испанид болсон Олон Улсын бичил хиймэл дагуул (CAN SAT)-ын тэмцээнд I байр эзэлсэн. 2013 онд Бичил хиймэл дагуулын үндэсний тэмцээнд I байр, Япон улсад зохион байгуулагдсан Олон улсын бичил хиймэл дагуулын тэмцээнд 44 багаас IV байрт шалгарсан. 2015 онд Бичил хиймэл дагуулын үндэсний III тэмцээнд III байр, 2016 онд Монголд болсон бичил хиймэл дагуулын Олон улсын тэмцээнд III байр тус тус эзэлсэн амжилт гаргаад байна.
MICROMOUSE
Механик, тээврийн сургууль, Монголын робот сонирхогчдын "Робокон нийгэмлэг" хамтран их, дээд сургуулиудын оюутнуудын дунд "MICROMOUSE" роботын тэмцээнийг 2017 оны 6-р сарын 15-ны өдөр зохион байгуулж нийт 9 баг оролцсоноос тус сургуулийн Promech клубын оюутнуудын баг нэг, хоёрдугаар байрыг тус тус эзэлсэн юм. "MICROMOUSE" роботын тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
GREEN CAR
ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийн “Green car” клуб нь өөрсдийн зохион бүтээсэн бүрэн цахилгаан автомашинаараа “INTERNATIONAL STUDENT CAR COMPETITION” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 6 дахь жилдээ амжилттай оролцоод байна. Тус тэмцээн нь гибрид болон цахилгаан автомашин гэсэн 2 төрөлд зохион байгуулагддаг. Жил бүр олон улсын 50-60 орчим баг нэгэн зорилгоор БНСУ-ын KATRI-Korea Automobile Testing & Research Institute”-ийн туршилтын талбайд авхаалж самбаа хурд хүчээ сорин уралддаг билээ.
Клубын үйл ажиллагаа нь ШУТИС-ын Механик, Тээврийн Сургуулийн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх улмаар олон төрлийн чадварт суурилсан ирээдүйн чадварлаг механик инженерийн мэдлэг туршлага олгоход чиглэж үйл ажиллагааг явуулж байна.
Тус клуб нь эх орноо төлөөлөн олон улсын “International Student Car Competition” тэмцээнд оролцдог бөгөөд оюутан залууст тус клуб нь олон улсын оюутнуудтай өрсөлдөж туршлага судлах суралцах боломжийг олгодог.

БМЗ

Механик, тээврийн сургуулийн "БМЗ" клуб нь залуусын хичээлээс олж авсан онолын мэдлэг чадварыг хөгжүүлэн, практик мэдлэгт хувь нэмэр оруулахад чиглэгдэх ба тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх техникийн загвар зохион бүтээх, сургуулиуд болон үндэсний уралдаан тэмцээнд амжилт гаргах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.Оюун санааны хувьд хөгжүүлээд зогсохгүй, техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй  нэгэн болгох ба мэргэжлийн баримжааг  төсөл гүйцэтгэх замаар олгодгоороо онцлогтой.

Гаргасан амжилтуудаас дурдвал:

ШУТИС-ийн МехТС-ийн 2023 оны намрын  ЭШХ-ийн техник технологийн салбарт 3-р байр тус эзэлсэн.

ШУТИС-аас "Монгол инженер-2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монголын металл боловсруулалт инженерчлэлийн холбоотой хамтран зохион байгуулж буй "Инженерийн шийдэл" уралдааны "Гудамж талбайн дагтаршсан цас, мөсийг цэвэрлэх төхөөрөмж"-ийг зохион бүтээх санааг дэвшүүлэх төрөлд нэгдүгээр байр, "Авто замын дагтаршсан цас, мөсийг цэвэрлэх төхөөрөмж"-ийг зохион бүтээх санааг дэвшүүлэх төрөлд нэгдүгээр байр

ШУТИС-ийн МехТС-ийн 2024 оны хаврын ЭШХ-ийн техник технологийн салбарт 2 болон 3-р байр тус тус эзэлсэн.

Төсөл ажлуудаас:

"Дундын баазын техник үйлчилгээний төв байгуулах төсөл"

"Экскаваторын удирдлагыг автоматжуулах төсөл"

"Төмс шигшин ангилах төхөөрөмжийн төсөл"