ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн хамт олныг төлөөлөн энэхүү мэндчилгээг дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Манай сургууль анх мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн цагаас хойш 60 жилийн түүхэн цаг үеийг туулан өнөөдөр Монгол улсдаа тэргүүлэх механик инженер, тээврийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн томоохон төв болон хөгжиж байна.
Механик, тээврийн сургууль нь энэхүү түүхэн цаг хугацаанд инженер, технологийн дээд боловсролтой олон мянган мэргэжилтнийг бэлтгэн гаргасан бөгөөд манай төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, улс орны их бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн олон салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байгаа билээ.
Манай сургуулийн багшлах хүний нөөц, материаллаг бааз, гадаад, дотоод хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд инженерийн дээд боловсролын шинэчлэлийн олон улсын CDIO стандартыг сургалтад нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх, гадаадын их сургуулиудтай бакалаврын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон бүтээлч ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн сургалт, судалгаа, инновацийг хөгжүүлэх олон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, улс үндэстэн, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн төлөө их үйлсийг бүтээх ерөөлийг өргөе.
ХАМТДАА ХӨГЖИЖ, ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ ОЮУНЫ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ.
Механик, тээврийн сургуулийн захирал
доктор (Ph.D), дэд профессор
Ж. Хашбат