МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багшийн хөгжлийн багуудын үйл ажиллагааг ШУТИС-ийн НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ-ийн "Багшийн хөгжил, насан туршийн боловсролын тэнхим" нэгдсэн удирдлагаар ханган хариуцан ажилладаг бөгөөд, ШУТИС-ийн багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байна.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудын БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ-ийн бүрэлдэхүүнийг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр 13-ны өдрийн А/120 тоот тушаалаар шинэчлэн баталснаар дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:
Багшийн хөгжлийн багийн ахлагч: С.Дэлгэрмаа (Техникийн механикийн тэнхимийн ахлах багш)
Багшийн хөгжлийн багийн гишүүд:
З.Баатар (Машин үйлдвэрлэлийн салбарын багш)
Ц.Жаргалмаа (Техникийн механикийн тэнхимийн багш)
Н.Энхтунгалаг (Механик, мехатроникийн салбарын багш)
С.Уянга (Тээврийн салбарын ахлах багш)
Дээд боловсролын үндэс суурь болсон багшийн төлөвшил, ёс суртахуун, хариуцлага, эрдэм мэдлэг, багшлахуй, суралцахуй болоод бусад чадваруудыг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэн, мэргэжлээрээ хөгжихөд туслах нь төвийн эрхэм зорилго юм.
Багшийн хөгжлийн төвийн үндсэн суурь нь багш нарын зөвлөл юм.
Багш нарын зөвлөл нь анх 1997 оны 11 сарын 1-ээс Механик инженерийн сургууль дээр үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр үед тасалдаад байсан үйлдвэрчний эвлэлийн үүрэг ба багш нарын хөгжил, нийгмийн асуудал, багш нарын дунд зохиогдох соёл олон нийтийн болон сургалт арга зүйн мөн түүнчлэн нийгмийн хариуцлагын олон асуудлыг хариуцсан захиргаа ажиллагчдын хоорондын зөвшлийн байгууллага болж төлөвшсөн байна. Багш нарын зөвлөлийн үйл ажиллагааг гардан удирдаж ирсэн хүмүүс бол багш нарын зөвлөлийн дарга нар байлаа. Бүх багш нарын хурлаас сонгогддог эдгээр хүмүүс нь уламжлагдаж ирсэн тодорхой ажлуудыг заавал хийдэг боловч цаг үеийн шаардлагад нийцсэн өөр өөрийн гэсэн өнгө аястай бодлого явуулж тэр хэмжээгээрээ ажлынх нь цар хүрээ тодорхойлогдож иржээ.
Анхны тэргүүнээр нь сонгогдон ажилласан багш З.Базаррагчаа 1997-1999 онуудад ажиллахдаа тэр үеийн эдийн засгийн хүнд нөхцөлийг даван туулахад багш ажилчдын ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, сургуулийн санхүүгийн нөхцөл байдалд хяналт тавих, сайжруулахын зэрэгцээ залуу багш нарыг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна.
1999-2001 онуудад багш М.Шар сонгогдон ажилласан ба түүний ажиллах энэ үед сургууль олон нийтийн байгууллагад бүтцийн томоохон шинэчлэлүүд хийгдсэн амаргүй он жилүүд байсан бөгөөд тэрээр залуу боловсон хүчнийг дэмжих, гадаадад сургуульд суралцуулах ажлыг эрчимжүүлж, тэр үед манай олон шилдэг залуу багш нар Америк, Япон, Герман зэрэг улсад магистр, докторын сургалтанд хамрагдсан байдаг.
2001-2003 онуудад багш Ж.Мягмаржав багш нарын зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан ба энэ хугацаанд багш нарын амины орон сууцны хөтөлбөр, кредит системд шилжсэнтэй холбогдуулан хичээлийн файл шинэчлэх сургалтын төлөвлөгөөг өөрчлөх зэрэг ажилд багш нараа зохион байгуулан шуурхай ажилласан түүхтэй.
2003-2005 онуудад багш Б.Баярсүрэн багш нарын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахдаа Залуу багш нарын ажиллах урам зоригийг сэргээх, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэхэд анхаарч энэ үед залуу багш нарыг дэмжих сан бий болсоноос гадна багш нарын эрдэм судлалын чиглэлд олон шинэчлэл хийжээ.
2005-2008 онуудад сонгогдон ажилласан багш Б.Баатардорж нь багш нарын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжилд онцгой анхаарч явган аялал зэрэг спортын бүлгэм дугуйланг гардан хичээллүүлж, залуу багш нарыг дэмжих сангийн журамтай болж энэ хугацаанд олон багш нарын докторын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрэлдсэн он жилүүд байлаа.
2008-1010 онуудад сонгогдон ажилласан багш Ц.Гантөмөр нь багш нарын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч мод тарих хөдөлгөөн өрнүүлж, багш нарын эрүүл мэнд, зөв хооллолтын чиглэлээр олон сургалт семинарыг зохион байгуулж байв.
2010-2015 онуудад багш нарын зөвлөлийн даргаар сонгогдон ажилласан Н.Гомбосүрэн нь багш нарын хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэх, англиар ярилцах болон инновацийн зэрэг сонирхлын бүлгэм дугуйлан байгуулах, багш ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, бусад сургуулиудтай хамтын ажиллагааг багш нарын түвшинд сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих сангийн журамтай болох зэрэг олон чиглэлд анхаарч ажилласан бөгөөд олон багш ажилчид орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, спорт зааланд идэвхитэй хөдөлгөөн хийдэг багш нарын тоо эрс нэмэгдсэн, хичээлийн завсарлагаар хүчилтөрөгчийн коктейл уух боломжоор хангагдсан, англиар ярьдаг, ойлгодог, орчуулга хийдэг багш нарын тоо эрс нэмэгдсэн байна.
2015 оны 11-р сард Ректорын А/238 тоот тушаалаар ШУТИС-ийн багш нарын зөвлөл татан буугдаж, харин ШУТИС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ нь их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдсан нь, захиргааны нэгж болсон анхны үе шат юм.
2015-2020 онуудад Механик тээврийн сургуулийн багшийн хөгжлийн багийн ахлагчаар П.Чойсүрэн, гишүүдээр С.Янжинлхам, Н.Пүрэвдорж, Б.Батбаяр, Б.Жавхлан нар сонгогдон ажиллаж байсан. Энэ үед тус сургуулийн багшийн хөгжлийн баг нь зөвхөн үйлдвэрчний эвлэл эсвэл захиргааны үйл ажиллагаанд туслах төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарлаагүй тухайн цаг үед тулгамдсан бүхий л асуудалд тухайлбал, багшлах боловсон хүчний хөгжил, сургалт эрдэм шинжилгээ, гадаад харилцаа нийгмийн асуудлын бүх л салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй ажлыг маш бага зардлаар, багш нарын сайн дурын үйл ажиллагаанд тулгуурлан хийдэг, хамт олноо манлайлдаг баг болж ажиллаж байлаа.
Багшийн хөгжлийн баг нь цаашид багш нарын хөгжил, гадаад дотоод хамтын ажиллагаа, эрдэм судлал, заах арга ба сурган хүмүүжүүлэхэд шинэ залуу боловсон хүчинд арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах болон оюутан, харилцагч байгууллагуудад чиглэгдсэн ажиллагаагаа өргөтгөх, хамтын гэрээнд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулахад багш нарын манлайллын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Багшийн хөгжлийн баг. 2024 он