Япон услын Мира Про ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
mes

2024 оны 10-р сарын 9-нд, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) Механик, Тээврийн Сургууль болон Японы Мира Про ХХК хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Механик, Тээврийн Сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мира Про ХХК-ны Ерөнхий захирал Хироюүки Цунагэ нар оролцон үзэглэлээ.

Энэхүү санамж бичиг нь оюутан, багш, ажилчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох, ажиллах боломжуудыг өргөжүүлэх зорилготой. Хамтын ажиллагааны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо:

  • Мира Про ХХК-ын талаас:

    • Монгол оюутнуудыг Япон улсад урт болон богино хугацааны дадлага хийлгэх.
    • Дадлага хийх хугацаанд оюутнуудад орон байр, ахуй нөхцөл, ажлын байрны талаар бодит, үнэн зөв мэдээлэл олгох.
    • Ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы сургууль, байгууллагуудтай харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх.
    • Компаний тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, багш ажилтнуудыг Японы Яманаши мужид дадлага хийлгэх, компаний үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох боломж олгох.
  • Механик, Тээврийн Сургуулийн талаас:

    • Дадлагын болон ажлын байрны мэдээллийг сургуулийн цахим сүлжээнд байршуулах, холбогдох тэнхимүүд, багш ажилчдаар дамжуулан оюутан, төгсөгчдөд хүргэх.
    • Дадлагын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэх, тэдэнд мэдээлэл олгох уулзалт, танилцуулга зохион байгуулах.
    • Оюутан, суралцагчид, төгсөгчдөд хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэх уулзалт, сургалт, семинарыг зохион байгуулах.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монгол оюутнуудын Япон улсад мэргэжлийн ур чадвар олж авах, ажиллах боломжийг өргөжүүлэх, мөн МехТС-ийн багш, ажилтнуудын туршлага солилцох боломжийг нээх юм. 


Эрдэм шинжилгээ, инновацийн алба