ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран томоохон төсөл, хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлж ажиллахаар боллоо
mes

2023 оны 03 сарын 17-ны өдөр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон тус яамны төлөөлөл ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр хүрэлцэн ирж, сургуулийн удирдлага, профессор багш нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар талуудын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, судалгааны төв, хүрээлэн байгуулах, өмнө байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд хамтарсан ажлын төлөвлөгөө гаргах, түүнийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Уулзалтын эхэнд МехТС болон ЗТХЯ-ны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чиглэлийн талаар товч танилцуулга илтгэл хэлэлцлээ. Дараа нь ЗТХЯ-ны төлөөлөгчид МехТС-ийн лаборатори, кабинет, судалгааны төвүүдийн материаллаг бааз, тоног төхөөрөмжтэй танилцлаа.

 

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тус яамны зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, шинэ бүтээн байгуулалтын талаар танилцуулж, тээвэрлэлтийн үнэ цэнэ нэмэгдэж, боомтын сэргэлт эрчимжин, шинэ ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй өнөө үед их, дээд сургууль болон яамны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилтэй уялдаж, зарим техник технологи хоцрогдож, шинэ нөхцөл байдал үүсч байгаа тул яамны бодлого төлөвлөлтийг практик хэрэглээтэй холбох, шинжлэх ухаанд суурилсан төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Тухайлбал, төмөрлөг, машин механизмын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ачааны болон суудлын вагоныг эх орондоо үйлдвэрлэх, угсрах, зорчигчийн вагоны халаагуур, агаар сэлгэлтийг шинэчлэх, нисгэгчгүй нисэх аппарат, дроны хэрэглээг нэмэгдүүлэх, хийгдэж буй ажлын хэрэгжилтийг хянахад дрон ашиглах зэрэг олон чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв.

 

Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ЗТХЯ, МехТС-тай хамтарсан ажлын хэсэг байгуулах, улмаар “Тээвэр, логистик, инженерчлэлийн үндэсний сургалт, судалгааны хүрээлэн /төв/” байгуулах ажлыг эхлүүлэхээр харилцан тохирсон нь уулзалтын нэгэн чухал үр дүн боллоо. Мөн Буянт-Ухаа цогцолборын дэргэд нисэх техникийн судалгаа шинжилгээний лаборатори, туршилт хийх судалгааны нэгж байгуулах ажлыг ЗТХЯ дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Зам, тээврийн салбарт инноваци, шинэ техник технологи нэвтрүүлэх,  хиймэл оюун ухааныг ашиглах, тээврийн салбарын хүлэмжийн хийг бууруулах, салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, төгсөгчдийн хэлний мэдлэгийг сайжруулах, мэргэжлийн ангилал, зэрэглэл шинэчлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар тус уулзалтад оролцсон хоёр тал санал нэгдэж, уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.