МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "АХМАД БАГШ, ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ" 2022 ОНЫ 10-Р САРЫН 20-НИЙ ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
mes

Механик тээврийн сургуулийн 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "АХМАД БАГШ, ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ"  арга хэмжээнд манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, ахмад буурлууд, үе үеийн удирдлагууд, тус сургуульд ажиллаж байсан багш, ажилтнууд зэрэг 100 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцлоо. Механик инженер мэргэжлийн анхны төгсөгч Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай, Автомашин, авто аж ахуй мэргэжлийн анхны төгсөгч ШУТИС-ийн хүндэт профессор Д.Совдоо, Барилга замын машин төхөөрөмж мэргэжлийн 1971 оны төгсөгч Гавъяат барилгачин, доктор, дэд профессор Д.Алтангэрэл, Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн 1989 оны төгсөгч ДЦС-IV ТӨК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн албаны инженер Д.Тулга зэрэг хүмүүс оролцогчдыг төлөөлж хүндэтгэлийн индэрт мэндчилгээ дэвшүүлэв.

 

Уулзалтын үеэр зочид сургуулийн 60 жилийн түүх, ололт, амжилтыг харуулсан баримтат кино үзэж “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр байгуулагдсан сургалт, судалгааны лабораториудтай танилцлаа.

  

 

Эрдмийн зөвлөлийн өрөөнд Чингис хааны эш хөргийг залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хүрэлцэн ирсэн зочдын хамт зохион байгуулав. Тус уулзалтад 1966 оны “Механик инженер”болон 1967 оны “Автомашины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн анхны төгсөгчид хүрэлцэн ирж дурсамж яриа өрнүүлсэн нь энэ арга хэмжээний бас нэгэн онцлог үйл явдал байлаа. Уулзалтын төгсгөлд ахмад буурлууд, үе үеийн төгсөгчид санал сэтгэгдлээ илэрхийлэн, одоо ажиллаж буй нийт хамт олонд сургуулийн 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, өөрсдийн туурвисан бүтээл, ном, сэтгүүл дурсгалын зүйлсийг дурсгал болгон гардууллаа.

 

 

Тэдний дунд Автомашин, авто аж ахуй мэргэжлийн анхны төгсөгч Гаалийн гавъяат ажилтан В.Занашир Монгол улсын гаалийн хөгжил, гаалийн үйл ажиллагааны чиглэлээр туурвисан долоон төрлийн ном бүтээл, Автомашин авто аж ахуй мэргэжлийн төгсөгч ЗТХЯ-ы бодлого төлөвлөлтийн чиглэлийн мэргэжилтэн Ж.Сэрээтэр өөрийн хамтран туурвилцсан “Монгол улсын автотээврийн замнал, хөгжил”, “Зузаан намтарын зурвасхан хэсэг”, ШУТИС-ийн хүндэт профессор Техникийн механикийн тэнхимийн ахмад багш Д.Батбаяр "Машин механизмын онол" бие даалтын гарын авлага зэрэг бүтээлүүд, “Монгол Хьюндай автомотив” ХХК болон Автомашин, авто аж ахуй мэргэжлийн 1999 оны төгсөгчид сургуулийнхаа цаашдын хөгжил, бүтээн байгуулалтад зориулж мөнгөн хандив, Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлийн анхны төгсөгчид сургуульдаа өөрсдөө хийж бүтээсэн зохиомжит дурсгалын зүйлс зэргийг гардуулан өгөв.  

 

Төрөлх сургуулиараа овоглодог, амжилт бүтээлээр нь бахархдаг нийт ахмадууд болон төгсөгч нартаа цаашдын ажил үйлс, амьдралд нь сайн сайхныг хүсье.