”Монгол-Солонгосын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” симпозиум зохион байгууллаа
ganbii

ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль БНСУ-ын Конжугийн үндэсний их сургуультай хамтран ”Монгол-Солонгосын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” симпозиум зохион байгууллаа

ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль БНСУ-ын Конжугийн үндэсний их сургуультай хамтран ”Монгол-Солонгосын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” сэдэвт 3 дахь удаагийн симпозиумыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус симпозиумд ШУТИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Т.Намнан, Соёлын дэд сайд М.Батбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

”Монгол-Солонгосын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” симпозиумд ШУТИС, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музей, Үндэсний төв архив, ШУА-ын Археологийн хүрээлэн зэрэг байгууллагуудын удирдлага, профессор багш, алба хаагчдын төлөөлөл болон БНСУ-ын Конжугийн үндэсний их сургууль, Чунбукийн үндэсний их сургуулийн профессор багш нар оролцлоо.     

Тус симпозиум нь ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр 2020 оноос эхлэн 7 жилийн хугацаанд хэрэгжих “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол, Солонгос хоёр орны соёлын өвийн чиглэлийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцох чиглэлд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.    

Механик, тээврийн сургууль дээр хэрэгжүүлж байгаа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий материал судлалын болон дижитал технологи дээр суурилсан сургалт, судалгааны лабораториудыг байгуулах, багшлах хүний нөөцийг бэлтгэх, соёлын өвийн чиглэлийн мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи эзэмшсэн бакалавр, магистрын зэрэгтэй үндэсний мэргэжилтэнгүүдийг бэлтгэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлж байна.