Сүмитомо корпораци тэтгэлэг гардууллаа
ganbii

 

2022 оны 05 сарын 09-нд ШУТИС-д суралцаж буй сурлага сайтай, манлайлагч, нийгмийн идэвхитэй, ирээдүйн лидер болох 20 оюутанд “Сүмитомо” корпорацийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Сүмитомо корпораци нь Японы нэр хүндтэй, томоохон компани бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Азийн хөгжиж буй улс орнуудын шилдэг оюутнуудыг дэмжих зорилгоор жил бүр тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт тавигдах шаардлага хангасан, 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан оюутанд 4 жилийн турш тэтгэлэг олгодог байна.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд “Сүмитомо” корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Макото Инаба болон ШУТИС-ийн удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцов. МехТС-ийн 1-р курсийн оюутнуудаас “Зүтгүүр, вагоны инженер” мэргэжлийн оюутан М.Баасандулам шалгарч тэтгэлэг гардан авлаа. Түүнчлэн Үйлдвэрлэлийн механикжуулалтын 4-р курсын оюутан Х.Мягмарсүрэн, Нисэх техникийн механикийн 3-р курсын оюутан Г.Ганхуяг, Авто инженерийн 3-р курсын оюутан М.Бумбаяр нар тус тэтгэлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байна. Олон оюутнуудаас сурлагын амжилт, нийгмийн идэвхи, ирээдүйн хүсэл зорилго, тэмүүллээрээ шалгарч тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн улам өндөр амжилт хүсье. Тэтгэлэг гардуулсан Сүмитомо корпорацийн хамт олон болон ШУТИС-ийн удирдлагууд, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны хамт олонд талархал илэрхийлж байна.